Хоёр “Ням”-ын дуэль М.Энхболд, Т.Бадамжунай руу хөтлөх нь?!

Үндэсний их баяр наадмаа зохион байгуулдгийг эс тооцвол бусад үед хотын захиргаанд огтхон ч хамааралгүй явдаг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эзэмшлийн газар тойрсон асуудлыг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар барьж авснаа мэдэгдэв. Ингэхдээ нийслэл болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн удирдлагаас гадна хуулийн байгууллага байлцуулан уулзахыг иргэн Т.Нямдаваад дуулгажээ. Харилцан зөвшилцөлд хүрэхгүй тохиолдолд хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлүүлэхээ ч нэмж онцолсон байна лээ. Хуулийн сайдаар ажиллаж асан, хэтэвчээрээ нэгдсэн хэсэгт багтах улстөрчидтэй хүний, өөрийнгүй сөргөөцөлдөж, бас зөрчилдөж ирсний хувьд Х.Нямбаатараас ийм үйлдэл гарах нь гайхаx зүйл мэдээж биш. Угаас өөртөө гал дуудаж, гай тарьж мэдэх сэдэв болгоныг шүүрч авдаг нь түүний гэм биш зан. Улстөрч хүнд байх ёстой л өгөгдөл.

Ялгаатай нь, өдгөө тэр Хуулийн сайд биш. Улстөрч, албан тушаалтнуудын холбогдсон хэргийн мөрдөн байцаалтын нууцтай танилцах, мэдээлэл сонсох субъект бүр биш. Эсрэгээрээ Улаанбаатар хэмээх их айлын захирагч. Газар олголт, дахин төлөвлөлт, гэр хороолол, нийтийн тээвэр, гудамж талбайн тохижилт, цэвэрлэгээ зэргээр ач холбогдол, агуулга талаасаа аж ахуй нь давамгайлсан асуудлыг шийдэж, шийдвэрлэх эрхтэй Төрийн захиргааны албан хаагч. Үүрэг нь ч тийм, өөрөө ч үүнийгээ сайн мэднэ. Гагцхүү нийслэлийн Засаг даргын хувиар хийж буй Х.Нямбаатарын үг, үйлдэл болгон газар руу чиглэх болсны ард хэд хэдэн шалтгаан бий.

Нэгдүгээрт, “Дүнжингарав”-ын уулзварт гарсан харамсалтай олсын араас нийслэлийн нийтийн тээвэр, газар олголтоор зохион байгуулахаар тогтсон Засгийн тогтоол. Хоёрдугаарт, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын хооронд хийсэн тохироо. Тэр нь нийслэлийн Засаг даргаар ажиллах хугацаандаа сонгууль угтсан байдлаар иргэдэд таалагдсан шийдвэр гаргахгүй гэсэн амлалт. Үүний хамгийн гол хөшүүрэг нь газар олголт, түүнд хамаарах асуудал хуулийн дагуу явсан эсэхийг шалгаж тогтоох. Гуравдугаарт, Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын дэмжлэг Х.Нямбаатарт байна. Үе үеийн Засаг дарга нарт байгаагүй бодит дэмжлэг. Аль, аль нь тусдаа хуультай, төсөвтэй явдаг, тэгсэн атлаа гүйцэтгэх засаглал эсвэл нутгийн өөрөө удирдах байгууллагын мэдэх хэрэг гэж гөждөг толхилцоон энэ удаад Засаг талаасаа ч, хот дээр ч гарахгүй нь түүнд байгаа хамгийн том боломж. Х.Нямбаатараас үе үехэн Хуулийн сайдын “араншин” нь цухалзаад байдаг нь ийм учиртай.

Хотын даргын эрх мэдлийн хүрээнд аливаа асуудлыг, тэр дундаа газар олголтод хамаарах хууль бус үйлдлийг нягталж, шалгаж тогтоосон л бол түүнийг нь сөрж, үгүйсгэх шалтаг, шалтгаан өнөөгийн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд байхгүй хэрэг. Ийм нэгэн харилцан хамаарал бүхий агуулгатай Х.Нямбаатарын ээлжит “шалгалт” Төв цэнгэлдэхэд тулж ирлээ. Өмч хувьчлалын сүүдэр дайрсан 1993 онд Төв цэнгэлдэхийг ягаан тасалбарын хүрээнд 70 хувийг нийслэлд, 30-ыг нь хувьд шилжүүлсэн түүхтэй. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмшлийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн ТУЗ-өөс шийджээ. Ерөнхий сайд, УИХ-ын дарга асан М.Энхболд хотын мэйр, Филиппинээс албадан авчирсан “Шувуу” Т.Бадамжунай Ерөнхий менежерээр ажиллаж байх үед ийм шийдвэрийг ТУЗ нь өөрөө дур мэдэн гаргасан гэдэг. Нийслэлийн өмчлөлд явсан 70 хувьд гэнэт 49 болж, иргэн Т.Нямдаваа хэрхэн 51 хувийн давуу эрхтэй болсон процессыг хамгийн сайн мэдэж, гадарлах хүн нь М.Энхболд, Т.Бадамжунай нар гэсэн үг.

Хачирхалтай ч гэх үү?, тохуутай нь төдийгөөс өдий хүртэл нийслэлд нэг ч төгрөгийн ногдол ашиг өгөөгүй мөртлөө ганц байсан усны хаялга дээр нь орон сууцны хороолол барьсан нь өнөөгийн бодит дүр зураг. Нийслэлийн Замын хөгжлийн газраас тохижуулж, хийсэн талбайг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр төлбөртэй зогсоол болгосон. Ойр хавийн талбайд нь жил бүр ус тогтдог атал шугам сүлжээ хийдэггүй, газрыг нь зардаг. Төв цэнгэлдэхийн засвар үйлчилгээ, саравч, сандлыг шинэчлэх, нийтийн бие засах газар барих, арчилж тордох төсөв нь нийслэлээс гарч ирсэн ч тэнд зохион байгуулдаг урлаг соёлын арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа, хамтлаг дуучдын бүх ашиг орлого нь иргэн Т.Нямдаваагийн халаас руу ордог зэргээр Төв цэнгэлдэх тойрсон маапааныг дурдвал дуусахгүй. 

Үндсэндээ эзэмшлийнх нь 31 га газрыг бүгдийг нь барилгын компаниудад зарж, бүхэл бүтэн орон сууцны хороолол, үйлчилгээний томоохон төвүүд бариулчихаад, үлдсэн алга дарам бүсэд нь дахин 20 давхар барилга сүндэрлүүлэхээр зэхэж буйг хотын дарга зүгээр хараад суухыг хүсээгүй бололтой. Эсрэгээрээ бага багаар, сөөм сөөмөөр нь өөртөө нэгтгэсээр эцэст нь нийслэлийн өмчийн 51 хувиас хоёр хувийг нь хэрхэн шилжүүлж авсныг шалгуулахаа мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хугацаанд ажилласан хотын дарга нарын орохыг хүсдэггүй, орооцолдож өөртөө гал дуудахаас цааргалж ирсэн Төв цэнгэлдэхийн эзэмшилд явсан 31 га газар хэний үед хэнд шилжиж, хэдэн давхар барилга, орон сууц, үйлчилгээний төв болж сүндэрлэсэн нь өдгөө бүгдийн, бүхний нүдэнд ил байгаа асуудал. 

“Тэнд “Хурд”-ынх, энд А.Сүхбат аваргынх, цаана Авлигатай тэмцэх газрын эзэмшлийн барилга байна” хэмээн иргэн Т.Нямдаваа мэдэн будилан мэлзэж буйгаас ямар үндэслэлээр яаж хоёр хувийг өөртөө нэгтгэж, давуу эрхийн хувьцаатай болсноо тийм ч амар ам нээх нэгэн биш гэдэг нь ойлгомжтой. “Өнгөрсөн хугацаанд нийслэлээс гарсан бүх зардлыг, нийслэлд ирэх ёстой ногдол ашгийг нэхэмжлэх хуулийн баг гаргана” гэж нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдсэн болохоос Төв цэнгэлдэхээ тойруулан барилгажуулах “кампанит ажил”-ыг эхлүүлэх шавыг тавилцсан албан тушаалтнуудаас давхар хариуцлага нэхэх нь зүйн хэрэг. 

Нийслэлийн өмч хувьчлалтай холбоотой шийдвэрийг гаргах бүрэн эрхтэй нутгийн өөрөө удирдах дээд байгууллага НИТХ-ын тогтоолоор бус 49 хувийг эзэмшдэг компанийн ТУЗ дур мэдэж гаргасны ард томоохон улс төрийн нөлөө, мөн дэмжлэг, хэн нэгний ашиг сонирхол явсан нь тодорхой. Иргэн Т.Нямдаваа ганцаараа барах ажил ч биш гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Иргэн бүрд газар өмчлүүлэх хуулийг УИХ-аас батлахтай зэрэгцэн Төв цэнгэлдэхийн өмчлөлд гэнэтийн өөрчлөлт оруулсан нь ч бас нэгэн сэжүүр. Тийм бол тухайн үеийн хотын захиргаа, НИТХ-аас ямар нэгэн албан бичиг, мэдэгдлийг “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн ТУЗ-д яагаад хүргүүлээгүй вэ? гэдэг нь АСУУЛТЫН ТЭМДЭГ! Энэ бүгдээс харахад газар олголт, өмч хувьчлалаас эхлээд нийслэлтэй холбоотой хамгийн гол, бас томоохон шийдвэрийг зангидаж байсан хоёр хүн нь М.Энхболд, Т.Бадамжунай нар болж таарах нь. Нэг үгээр хотын дарга болон Төв цэнгэлдэхийн 51 хувийг эзэмшигч хоёр “Ням”-ын дуэль яалт ч үгүй М.Энхболд, Т.Бадамжунай руу хөтлөх нь?!

Г.Эрхэс