Л.Оюун-Эрдэнийн ЦАГАЛБАР

Хэнтийн Бэрх тосгоны захирагчийн албанд ажиллаж асан нь Л.Оюун-Эрдэнийг өөлөх шалтгаанаар тодордог болохоос тэр бол МАН төдийгүй Монголын улс төрийн түүхэнд хамгийн богино хугацаанд Ерөнхий сайдын тамга атгасан нэгэн. Өөлөх ч гэж угаас хүн болгоны туулдаг л зам, улстөрч бүрд байдаг л замнал. Лав л Засгийн газар, УИХ-ын гишүүний сэнтийд хууль юм шиг хадаатай явж ирсэн ах нараасаа өөр. Баянзүрх дүүрэгт хэлтсийн даргаар ажилласан 2008 оноос түүний улс төрийн карьер тасралтгүй өссөөр өнөөдрийн өндөрлөгтөө хүрсэн гэсэн үг. 2016 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдсон тэрбээр хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар очиж, түүнээс ердөө хоёрхон жилийн дараа Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд болсон юм. 

Чухамдаа 100 жилийн түүхтэй, тэр хэрээрээ 1950-1960 оны төлөөлөл болсон улстөрчид нь тайзан дээр таанц эргэж ирсэн МАН-ын дарга, Ерөнхий сайдаар 1980 оны залуу гэнэт тодорч, томроод, сэлэм эргүүлээд яваа нь өнөөдрийн Л.Оюун-Эрдэнийг боргож, боорлох цорын ганц шалтгаан. Өөрөөр хэлбэл, ардчилсан хувьсгалаар олж авсан улс орны эрх ашиг нэгдүгээрт байх суурь ойлголт, системийн авлигатай гар бариад урагшлахыг тэр хүсээгүй. Ардчиллыг амин хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавих хүртлээ өөрчилж, өнгө зүсийг нь хувиргасан ах нарынхаа эл үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг анхнаасаа зарласан, түүндээ бат зогссоор иржээ.

Хуанлийн хуудаст үлдсэн он цаг, үйл явдлын дарааллаас харсан ч хувь улстөрч, Улсын Ерөнхий сайдын хувиар тэрхүү үнэт зүйл, үзэл баримтлалаасаа ухарсан гэхээр юм Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнд алга. Харин ч 1990 оноос хойших хамгийн том хулгайг шил даран илчилж, илрүүлэхэд манлайлж, хариуцлагын тогтолцоог чангатгасан хэд хэдэн хууль, эрх зүйн реформ түүний оролцоотойгоор “бүтжээ”. Үүнийг УИХ-ын гишүүнээр анх сонгогдсон 2016 оноос сийрүүлэх гээд үзье. 

2016 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 5. Сонгуулийн үр дүнгээр бүрдсэн шинэ парламентын анхдугаар чуулган хуралдаж, МАН-ын дарга М.Энхболдыг УИХ-ын спикерээр томилохыг гишүүдийн 86.8 хувийн саналаар дэмжив. Намын Үндсэн дүрэм, олон улсад явдаг жишгээр ялсан намын дарга нь Ерөнхий сайд болох ёстой УИХ-д 65 суудлыг авч, үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын Удирдах зөвлөлөөс М.Энхболдыг томилох шийдвэр гаргасныг ёсоор болгосон нь энэ. Гэвч МАН-ын 65 гишүүнээс ганцаараа эсрэг санал өгсөн нь Л.Оюун-Эрдэнэ байв. 

Тэрбээр “УИХ-д 65 суудалтай том намыг дэмжсэн ард түмний итгэл найдварыг М.Энхболд дарга өөрөө Ерөнхий сайд болж ажиллаад, хариулах ёстой байсан. Ингэж эдийн засгийн хүндрэлийг давж, ард иргэдийн амьжиргааг өөд нь татах ёстой. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийг бодож, өөрөө л УИХ-ын дарга болох шийдвэр гаргасан. Үүнээс болж томилгоон дээр алдаа гарсан. УИХ дахь бүлгийн гишүүдийн санал хураахгүйгээр өнөөгийн Засгийн газрын гишүүдийг томилсон. Энэ нь УИХ-ын бүлэг дотор Засгийн газрын гишүүд хүлээн зөвшөөрөгдөхгүй байх үндэс болсон” гэдгийг хэлж байв.

Л.Оюун-Эрдэнийн хэлсэн ч үнэн болж таарсан, М.Энхболд УИХ-ын даргын сэнтийгээс 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд унасан, үр дүнд нь Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар огцорсон юм. 

2018 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 18. УИХ-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нарын нэр холбогдсон “60 тэрбум” гэх хэрэг нийгэм, улс төрийн хүрээнд өндрөө авч эхлэх үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хувь улстөрчийн зүгээс шалгуулахаар АТГ-д хандаж байлаа. 

Уг шалтгаанаа “М.Энхболд гэдэг хүний асуудлыг Х.Энхжаргал хаацайлсныг, Л.Оюун-Эрдэнэ гаргасан нь хүмүүс хоорондын асуудал биш харин Хууль засаглах уу? Хувь хүн захирах уу? гэдэг ардчиллын үнэт зүйлтэй холбоотой тогтолцооны асуудал юм. Хуулийн засаглалтай нийгэмд хариуцлагатай засаглал төлөвшиж, жам ёсны өрсөлдөөнт бизнес, эдийн засгийн орчин бүрддэг. Үр дүн нь тогтвортой хөгжил юм. 

Тиймээс энгийн зүйлээс эхэлцгээе! “The Voice of Mongolia”-д (msg) санал давалгаалан өгдөг шиг Дуу хоолойгоо нийлүүлэн илэрхийлж, Төрийн 3 өндөрлөгтөө болон таныг төлөөлөхөөр сонгогдсон гишүүддээ хандацгаая!!!” хэмээгээд Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын утасны дугаарын хамт нийтэлж, олон нийтээс дэмжлэг хүсч байв.

2019 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 2. УИХ-ын даргаас шууд Ерөнхийлөгчийн суудалд хүрч хууль тогтоох дээд байгууллагыг гүйцэтгэх засаглалтай нь хамт атгах Н.Энхбаярын гаргасан жимээр алхах М.Энхболдын явцуу эрх ашгийн дундуур тэс хөндлөн зогсож, тээг болсон Л.Оюун-Эрдэнийн улс төр “бай”-ндаа туссанаар МАН-ын Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг парламентын спикерт нэр дэвшүүлж, томилуулав. Эсрэгээрээ Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын Хэрэг эрхлэхийн даргаар томилсон нь ээлжит нэгэн хулгайг илчлэх үүд хаалгыг нээснийг тухайн үед зарим нь огт бодоогүй байлаа. Учир нь, сайд болсноосоо сар гаруйн дараа тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн өмчлөлтэй холбоотой мэдээлэл хийсэн нь шуугиан тарьсан юм.

2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 4. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтаас яг 24 цагийн өмнө улс орон даяар мэдэгдэл хийсний гол мессеж нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг эх орондоо авчирч, түүнд нь хувийн хэвшил онцгой гавьяа байгуулсныг зарлаж байв. Гэвч эл асуудал хууль тогтоох дээд байгууллагын түвшинд гал дуудаж, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж хүртэл чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн биеэр оролцож “Эрдэнэт бол хөгширсөн саалийн үнээ” гэж хэлж байсан нь долоон жилийн өмнөх үйл явдал. 

Хачирхалтай нь, Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн, Д.Эрдэнэбилэгийн оролцоотойгоор авчирсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг анхнаасаа урьдчилсан зохион байгуулалттай схемийн дагуу хулгайн замаар авсныг Л.Оюун-Эрдэнэ Хэрэг эрхлэхийн даргын хувиар мэдэгдсэн юм. Ингэхдээ “Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг авах боломж тухайн үеийн Засгийн газарт байсаар байхад үүнээсээ татгалзаж, хувийн аж ахуйн нэгжид давуу байдал олгосон. 49 хувийг худалдан авсан 400 гаруй сая ам.долларын 72.4 хувийг төрөөс, үлдэх 27.6 хувийг Худалдаа хөгжлийн банк гаргасан байх магадлалтай. 

Энэ схемийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосны дараа Засгийн газар “Монголиан коппер корпорэйшн” компанитай хэлцлийн ширээний ард суух боломжтой” хэмээгээд “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хаалттай хуралдааны тэмдэглэлийн зарим хэсгийг нууцаас гаргасныг мэдэгдэж байв. Үүнээс хоёр хоногийн дараа “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтоох шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм.

2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27. УИХ-ын гишүүдийн 87.9 хувийн саналаар Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томиллоо. “Ковид”-ын цар тахлын үед дөнгөж амаржсан эхийг тээвэрлэх явцад үүссэн нөхцөл байдлаас үүдэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр огцрох санал гаргасныг парламент хүлээж авснаас яг зургаан хоногийн дараа. Цар тахлын амаргүй цаг үед албаа хүлээж авсан Л.Оюун-Эрдэнэ нэн түрүүнд нийт хүн амын насанд хүрсэн 60 хувь болох 2 сая 60 мянган иргэнийг хамруулах зорилт тавьж ажиллахаа илэрхийлж байв. Мөн 5,3  хувь болж агшсан эдийн засаг, төсвийн алдагдал, ДНБ-ний эзлэх хувь 12.3 хувьд хүртлээ унаж, тасалдсан үзүүлэлтийг сэргээхээр “10 их наядын цогц төлөвлөгөө”-г боловсруулж, баталсан нь хоёрдугаар сарын 17. 

Үр дүнд зорилтод бүлгийн хүн амын 92 хувийг вакцинжуулснаар жил гаруйн дараа хатуу хөл хориог цуцалж байлаа. Цар тахлын тохиолдолд эзлэх нас баралтын тоо олон улстай харьцуулахад тав дахин бага гарсан үзүүлэлт нь ч Ерөнхий сайдын зорилт бодит биеллээ олсны илрэл болсон юм. 

2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 20. 2011 онд үүсгэн байгуулснаас хойш “Евро”, “Чингис”, “Самурай” тэргүүтэй бондыг олон улсын зах зээлээс босгож томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой Хөгжлийн банк дампуурлаа зарлахад ойрхон ирснийг гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдэгдэж, зээлдэгчийг ил зарлав. Нийт зээлийн актив болох 3.2 их наядаас 1.7 их наяд нь чанаргүй ангилалд багтсан нь банкаа дампууралд хөтөлж, Монгол Улсыг дефолт зарлахад хүргэсэн нь энэ. Дийлэнх нь нөлөө бүхий улстөрч, сайд, дарга нар, тэдгээрийн хамаарал бүхий компанид хамаарч байсан нь дотоодын улс төр талаасаа хүнд сорилт байв. 

Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ яагаад Ерөнхий сайд болсон, ямар зорилгын төлөө шийдвэр гаргах ёстойгоо Хөгжлийн банкаар дамжуулж харуулсан нь зээлдэгчдийг ил зарлаж, араас нь УИХ-ын “Нээлттэй сонсгол”-ыг зохион байгуулах нүүдэл байлаа. Үр дүнд нь чанаргүй ангилалд багтсан 1.3 их наядын зээлийг буцаан төлүүлснээр Хөгжлийн банкны үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж, Монгол Улс дефолт зарлах эрсдэлээс гарсан. 2012 -2016 оны хооронд нийтдээ таван бонд гаргахад 3.2 тэрбум ам.долларын өр үүссэн нь цагаан дээр хараар бичээстэй баримт. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 13.3 их наядыг зөвхөн гадаад төлбөрийг барагдуулахад зарцуулсан нь бас нэгэн баримт. 

Гадаад өрийн дампуурлаа хүлээн зөвшөөрч Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох уу, эсвэл эрс шийдэмгий хатуу арга хэмжээ авч өөрсдийн эх үүсвэрээ дайчлах уу гэдэг сонголт Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын өмнө ирсэн, тэд хоёр дахийг сонгосон нь энэ.

2022 ОНЫ ХОЁДУГААР САРЫН 05. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийх үеэрээ Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсоноор 14 жил гаруй хугацаанд гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн, нарийн царигийн маргаан эцэслэгдэж, нүүрсний экспорт гацаанаас гарлаа.

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 5. БНХАУ-д айлчлал хийснээс сарын хоёр дараа Л.Оюун-Эрдэнэ ээлжит нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн нь нүүрсний хулгайг цэгцлэх ажлын эхлэх болов. Тэрбээр “Эрдэнэс Монгол”-той холбоотой маш олон охин компаниуд бий. Тус бүрт нь ТУЗ-ийн гишүүд бий. Тэнд төрөөс гадна хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа. Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Тэр ажлын хэсэгт Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас төлөөлөл оролцсон. Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ талд эдийн засаг цэгцрэхэд манай улсын ДНБ-ны хэмжээ хоёр дахин тэлэхээр байгаа. Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. Автомашин дотор манай парламентын гишүүд холбогдсон байгаа. А.Адьяасүрэнгээс эхлүүлээд. Цаана нь маш олон нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ.

Баяннуурт байгаа зарим нөлөө хүмүүстэй холбогддог. Татвар төлдөггүй хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаржй жил гацаасан. Учир нь тэдэнд маш их ашигтай байсан юм билээ. Тун удахгүй маш олон автомашинуудын жагсаал болно. үүнд олон нийт бүү автаасай гэж хүсэж байна" гэж байв.

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 26. Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргаж, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томиллоо. Засгийн газрын 362 тогтоолын хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК 2022 оны төгсгөл гэхэд 500 сая ам.долларыг татан төвлөрүүлэх үүргийг Ж.Ганбатад давхар хүлээлгэсэн юм.

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 13. Ерөнхий сайд мэдэгдлийн араас хууль хяналтын байгууллагын хамтарсан Ажлын хэсэг хэдэн сарын турш ажилласны эцэст АТГ-аас нүүрсний борлуулалт, олборлолт, тээвэрлэлт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах явцад шууд болон шууд бусаар оролцсоныг тогтоосны дотор Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал тэргүүтэй 17 хүний нэрийг олон нийтэд зарласан юм.

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 18. Засгийн газар цар тахлын дараах эдийн засгаа сэргээх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг тууштай хэрэгжүүлсний үр дүнд 2022 онд нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам.доллар давж, цар тахлын оргил үед -4,6 хувь байсан эдийн засаг 2023 оны нэгдүгээр улирлын урьдчилсан тооцооллоор 7,6 хувийн өсөлтөд хүрснийг үндэсний шилдэг ТОП-100 аж ахуйн нэгжид шагнал гардуулах үеэр Ерөнхий сайд мэдэгдлээ.

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 22. “Эрдэнэс Тавантолгой” компанид онц дэглэм тогтоосноос хойш жил дамнан олон нийтийн дунд хүлээлт үүсгэн нүүрсний хулгайн “Нээлттэй сонсгол”-ыг УИХ-аас зохион байгуулсан нь томоохон улстөрч, хамаарал бүхий этгээдүүдийн “баг”-ийг хуулав. Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу “Нээлттэй сонсгол”-ыг Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өөрөө удирдаж явуулсан нь ч хулгайд нэр холбогдсон заримд нь өөрийгөө өмгөөлөх боломжийг олгоогүй. 

“Нүүрсний сонсгол” хийсний дараа 9700 хуудас материалыг хуулийн байгууллагад шилжүүлснээр түрүүчээсээ ял сонссон. Шүүх хуралдааныг хаалттай хийж байгаагаас үүдэж 50 хувийн ял шийтгэлийг эдлээд гарчих яриа ч үүнтэй зэрэгцэн хэсэгтээ явсан. Тэр нь нүүрсний хэргээр ял сонссон албан тушаалтнууд "Ирэх онд гарна" гэсэн мэдээлэл бий. Санамсаргүй ч юм биш. Гэхдээ авлига, албан тушаалын хэргээр ял эдэлсэн этгээдийг магадлангаар суллахгүй байх хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, батлуулсан нь тэдэнд ял завших боломжийг хаасан юм. Хулгай хийсэн нь үнэн л бол хорих ялаа дуустал эдэлнэ. Гарч ирсэн ч дахин Төрд албан тушаал хаших эрх нь хуулийн хориг хуулийн шинэчлэлээр үйлчилж байна.

Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүнээр сонгогдож, Ерөнхий сайд болтлоо дэвшсэн 2016-2024 он буюу найман жилийн ЦАГАЛБАРЫН онцлох үйл явдлаас дурдвал ийм. Тэр анхнаасаа л өөртөө гал дуудсан сэдвийг зүгээр ч нэг барьж авдаггүй, эцсийг хүртэл нь явдаг, үр дүнд нь нэгээхэн хэсэг биш нийтэд хожил ирдэг гэдгийг өнгөрсөн хугацаа үйл явдал харуулж байна. Эцсийн дүндээ ямар нэгэн хулгайд холбогдоогүй, хэн нэгний эрх ашгийг хангаж, биелүүлэхэд чиглэсэн шийдвэр гаргаж байгаагүй нь энэ хүртэл гэнэтийн хэрнээ зоригтой шийдвэр гаргахад чиглүүлж, нийгмээс дэмжлэг хүлээх гол хэмжүүр нь байжээ. Үүнийг л "Ард түмэн ялах уу, авлигачид ялах уу?" гээд байгаа юм.

С.Сүлд