“Эцэг хууль”-ийн дараа бичигдэх “ИХ ЗӨВШИЛЦӨЛ”-ийн ЧИМЭЭ!

Улс төрд түүх давтагддаг гэж үнэн. Урт хугацаандаа үр дүнд хүрэх тогтолцооны томоохон реформыг УИХ-д үнэмлэхүй олонхи байхдаа эхлүүлсэн МАН 2024 оны сонгуульд ялалт байгуулсан ч дангаараа Засгийн газраа байгуулахаас зайлсхийж, парламентад суудалтай АН, ХҮН-тай хамтарсан нь саяхан. Ердөө л Үндэсний их баяр наадмын өмнөхөн. Үндэслэл нь маш тодорхой. “Улсын эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт, эцэст нь хувийн эрх ашиг байх ёстой” хэмээсэн Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн тэртээ 1990-ээд хэлж асан үгийг гол агуулга, бас тугаа болгохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы индрээс хэдэнтээ мэдэгдсэн нь одоо ч хуучраагүй байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд намын жагсаалтаар 48-ыг, бүсчилсэн тойргоос 78-ыг нь сонгож, 126 гишүүнтэй анхны парламентыг бүрдүүлсэн нь энэ сонгуулийн томоохон үсрэлт ч 68 суудалтай МАН-ын зүгээс АН, ХҮН-д тавьсан саналын дагуу Хамтарсан Засгийн газар байгуулснаар 2008 оны дүр зургийг давтсан юм. Түүхэндээ Стандарт бус Засгийн газар гэж үлдсэн С.Баярын тэргүүлсэн танхимд алдаа ч бий, оноо ч бий. Гэхдээ оносон нь их, эдийн засгийн үзүүлэлтээрээ ч жин дарна. Улс төрийн хоёр хүчин хоршиж, хамтарсны үр дүнд Оюу Толгой гэсэн аварга төслийг хөдөлгөж, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хөрсийг тавьсан юм.

Өөрөөр хэлбэл, улс төрийн намын биш улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, нэг зүгт бодлого зангидаж, нэг амаар шийдэлд хүрч болдгийн бодит жишээ нь С.Баярын Засгийн газрын үлдээсэн бас нэгэн гавьяа байв. Гагцхүү гадаад, дотоод улс төрийн уур амьсгал, эдийн засгийн үзүүлэлтийн чадамж, системийн суурь өөрчлөлт, түүнийг дагасан томоохон мега төслүүдийг хөдөлгөх хүлээлт бүхий онцгой цаг үед парламентад суудалтай улс төрийн гурван хүчин Хамтарсан Засгийн газар байгуулж, Хамтын ажиллагааны гэрээний төсөл боловсруулахаар ажиллаж эхэллээ.

Уг нэршил нь Хурдтай хөгжлийн төлөөх ЗОРИГ. Энэ Засгийн кабинетад багтсан МАН, АН, ХҮН-ын төлөөллөөс гадна эрдэмтэд, салбарын судлаачдаас бүрдсэн Ажлын хэсгийн ахлагч нь Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал. Үндсэндээ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нарийвчилсан заалт бүрийг хэрэгжүүлэх хариуцлагын гэрээг хэрхэн зураглах нь эл Ажлын хэсэг, Н.Учрал сайдаас шууд хамаарах нь. Хэдий чинээ өөр хоорондоо санал нэгдэнэ, төдий чинээ тогтвортой хөгжлийг тодорхойлж, томоохон төслүүдээ хөдөлгөж чадна гэсэн үг. Үр дүнд нь намууд бус Монгол Улс хожно. Тэгэхээр Хамтарсан Засгийн газрын гэрээг дан ганц МАН, АН, ХҮН тэргүүтэй гурван намын түвшинд төлөөлүүлж харах нь өрөөсгөл.

Учир нь, УИХ-д суудалтай улс төрийн намууд Засгийн газарт хамтрах замаар өөр хоорондоо хийж буй хариуцлагын дүрмээ тодорхой болгох нь зүйн хэрэг ч эрдэмтэн, судлаачид, хамгийн гол нь сонгогчдын саналаар баталгаажсан сонголтын үр дүнд ард түмэнтэй байгуулах гэрээ. Үүгээрээ Үндсэн хуулийн дараа бичигдэх, магадгүй дүйх хэмжээний зөвшилцөл МАН, АН, ХҮН-ын хооронд яваа гэж харах нь үнэнд илүү дөхнө.

Ганцхан жишээ өгүүлэхэд Монгол Улсын дараагийн 30 жилд нийгмийн бодлогын реформ, бүсчилсэн хөгжил, технологи суурьтай мэдлэгийн эдийн засаг, бизнес хөрөнгө оруулалтын орчин, эрчим хүчний салбарын либералчлал хэрхэн шинэ жим биш замаар урагшлахыг энэхүү гэрээ тодорхойлно. Аль, аль нь гурван намын мөрийн хөтөлбөрт тусгасан заалт бас амлалт. Хоёр дахь удаагаа Ерөнхий сайдын тамга атгасан Л.Оюун-Эрдэнэ ч Засгийн газрынхаа тэргүүлэх чиглэлийг 11 зүйлээр тодорхойлсон байна лээ. 

Нэн тэргүүнд өмнөх танхимынхаа амжилттай хэрэгжүүлж байгаа болон шинээр эхлүүлэх стратегийн ач холбогдолтой томоохон төсөл, арга хэмжээг үргэлжлүүлэх нь түүний тулах цэг байх бололтой. Үүндээ Боомтын сэргэлт, Go Mongolia-Аялал жуулчлал, E-Mongolia-Цахим засаглал, Газрын тос боловсруулах болон аж үйлдвэрийн мега төслүүдийг багтаажээ. Хоёрдугаарт, Хүний хөгжлийн бодлого, гуравдугаарт Баялгийн сан, дөрөвдүгээрт, Орон сууцжуулалтын үндэсний тогтолцоо, тавдугаарт, Эрчим хүчний либералчлал, зургаадугаарт Бүсчилсэн хөгжил, бүсийн хөгжлийг дэмжих татварын бодлого, долдугаарт, Инновац, шинжлэх ухаан, технологийн дэвшил багтжээ. Үргэлжлүүлэн Төрийн бүтээмжийн реформ, Уур амьсгалын өөрчлөлт, эрсдэлийн менежмент, “20 минут”-ын хот, Авлигын эсрэг шударга ёсны тэмцлийн үргэлжлэл зэргээр нийт 11 тэргүүлэх чиглэл Хамтарсан Засгийн газрын ирэх дөрвөн жилийн луужин байх нь.

Нэг үгээр, 2008 онд С.Баярын үлдээсэн өвийг 16 жилийн дараа эргэн сэргээж Хамтарсан Засгийн газрыг байгуулсан Л.Оюун-Эрдэнийн танхимд багтсан сайд нар АН, ХҮН-ынх байхаас үл хамаарч дээрх 11 тэргүүлэх чиглэлийн бодлогыг салбар, салбартаа хэрэгжүүлэх нь. Харин үүнийг нь нарийвчилж гэрээнд тусгах, хэрхэн хэрэгжүүлж, хөрсөн дээр буулгахыг Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал ахалж буй Ажлын хэсгээс эцсийн байдлаар боловсруулах нь цаг хугацааны л асуудал юм. 

Ямар ч байсан Н.Учрал сайдаар ахлуулсан Ажлын хэсгийнхэн Герман Улсад ажиллаж, хэд хэдэн уулзалт хийсэн нь үр дүнд хүрчээ. Улмаар 1949 оноос хойш тус улсад байгуулсан Эвслийн Засгийн газар, тэдгээрийн үйл ажиллагаа, гэрээ байгуулах хэлэлцээний үе шат, тулгарч байсан хүндрэл бэрхшээл, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх, улс төрийн намын харилцан зөвшилцлийг хангах  тодорхой саналыг гэрээнд тусгахаар болжээ. Цаашид зөвлөх үйлчилгээ авч ажиллахаар тохиролцсон байна. Олон удаагийн Эвслийн засгийн газар байгуулж, одоо ч түүгээрээ замнаж яваа Германы туршлага дэлхийд жишиг болохуйц хүлээн зөвшөөрөгдсөн загвар гэдгээрээ онцлог. 

“Илүү хурдан шийдэхийн тулд, илүү хурдан хөгжихийн тулд зориглоцгооё” хэмээх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг үнэн л юм бол бид бусад улсын сайн туршлагад түшиглэсэн сайн загварыг хөгжлийн бодлогодоо тусгах л учиртай. Гагцхүү гадаад, дотоодын улс төрийн уур амьсгал, олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй нөхцөл байдлыг харгалзан үндэсний эв нэгдлийг эрхэмлэх замаар “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэх нь бидэнд хэрэгтэй. Тэгэхийн тулд хэн нэгнийгээ сөрж зогсох, урьдчилан тооцоолох боломжгүй сорилт, үл ойлголцол бүрд харилцан буулт хийж зөвшилцөх нь энэхүү гэрээний хамгийн чухал заалт байх нь мэдээж. Тэр хэрээрээ үндэсний хэмжээний эв нэгдлийн дархлаа тогтох учраас.  

Тиймээс Хамтарсан Засгийн газрын гэрээний заалтуудад зөвхөн ард түмний дэмжлэг авсан намуудын мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг тусгаж, тэдгээрийг ямар ч улстөржилтгүйгээр хэрэгжүүлж, урагшаа харж ажиллахыг хатуу тусгах магадлал нь өндөр юм. 

Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралын хэлснээр Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Төсвийн тодотголыг танилцуулж, намууд гэрээгээ зурахаар төлөвлөжээ. Тэрбээр “Гэрээний хэрэгжилтэд УИХ дахь гурван намын бүлэг хяналтаа тавина. Ингэж байж Засгийн газрын үйл ажиллагаа ард түмэнд нээлттэй байх болно. Иргэд өөрсдөө үйл ажиллагааны хөтөлбөртөө хяналт тавих боломжийг хангуулна. Төрийн бүх вебсайтуудыг нэгтгэнэ. Ард түмэнтэйгээ илүү ойр ажилладаг Засгийн газар бүрдүүлэхийг зорино” гэдгийг онцолжээ. “Эцэг хууль”-ийн дараа бичигдэх “ИХ ЗӨВШИЛЦӨЛ”-ийн чимээ гэж тодотгоод байгаа нь ийм л учиртай.

Г.Эрхэс