Импортоор орж ирэх автомашинд өнөөдрөөс хотын дугаар шинээр олгохгүй
Орон сууцжуулах бодлогыг Л.Оюун-Эрдэнэ зангидах үндэслэл нь энэ!
Хувь улстөрчийн хүрч болох хамгийн өндөр карьераар нь тооцвол Монгол Улс Байнгын ажиллагаатай парламентын тогтолцоонд шилжсэн 1992 оноос хойш 15 хүн Ерөнхий сайдын тамга атгаж, төдий хэмжээний Засгийн газрыг бүрдүүлжээ. Тэдгээрээс С.Баяр, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар улирсан бол Ц.Элбэгдорж зургаан жилийн дараа дахин Ерөнхий сайдаар ажиллах “виз”-ээ УИХ-аас авч байв. Чухамдаа үүнийг онцолж тодотгоод байгаа нь учиртай. Юу гэхээр М.Энхболдын Засгийн газрын үед “40 мянган айлын орон сууц” хөтөлбөр гээчийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэснийг С.Баяр Ерөнхий сайдын хувиар үргэлжлүүлсэн ч С.Батболдын өнгөн дээр “дабль”-даж 100 мянга болж өргөжсөн байдаг.
Гэвч Улаанбаатар хот, бүсийн тулгуур болон аймгийн төвүүд тэргүүтэй үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх үндсэн зорилготой Засгийн газрын 2010 онд баталсан тогтоолыг Н.Алтанхуягийн танхим 2013 онд хүчингүй болгосон юм. Нэг үгээр, М.Энхболд эхлүүлж, С.Баяр үргэлжлүүлж, С.Батболд “дабль”-дсан” орон сууцжуулах хөтөлбөр Н.Алтанхуягийн үед бандан тас болсон нь энэ. Сүүлд өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх үед “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2019 онд баталсан ч сураг алдарсаар өнөөг хүрэв. Үүгээр нэгийг өргөж, нөгөөг үгүйсгэх гэсэнгүй. Эсрэгээрээ үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үндсэн зорилго, чиг үүргийн нэг нь төрийн албан хаагч, бага дунд орлоготой иргэд болон залуу гэр бүлийг орон сууцжуулахад чиглэдэг ч бодитоор хэрэгжүүлсэн нь, биеллээ олсон нь ховор.
Уг нь Засгийн газар байгаад мөрийн хөтөлбөрөө УИХ-аар хэлэлцүүлж батлуулдаг нь үнэн л юм бол зорилтод бүлэг рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлэх тэр дундаа орон сууцжуулах хөтөлбөрийг хууль эрх зүй, хөрөнгө оруулалт талаас шийдвэрлэх нь зүйн хэрэг. Тэгэх ч ёстой, тийм ч үүрэгтэй. Гэвч 40, 100, 150 мянга тэргүүтэй зөвхөн тоонд ач холбогдол өгч ирсэн хөтөлбөрүүдийн хэрэгжилт үүний хариулт, бас үр дүн. Цаг хугацааны давхцал нь ингэж таарав уу? хэлж мэдэхгүй. Ямар ч байсан Засгийн газраас 2025 оныг “Залуучуудын жил” болгож буйтай холбогдуулан Үндэсний орон сууцжуулалтын хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө ахлахаар болсноо зарлалаа. Олон нийтийн дунд хийсэн судалгаагаар орон сууцны хэрэгцээ нийгэмд хамгийн өндөр хүлээлттэй байгаа асуудлаар эрэмбэлэгдсэн гэнэ. Ортой л судалгаа, ханатай л дүгнэлт.
Ганцхан жишээ дурдъя. УИХ-аас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталснаар “Хуримтлалын сан”-г бий болгосон. Үр дүнд нь эл санд хуримтлагдсан 500 тэрбумаар ипотекийн зээлийг санхүүжүүлснээр 42 хувиар өссөн үзүүлэлт гарсан нь саяхных, өнгөрсөн тавдугаар сарын үйл явдал. Ердөө 10-хан хоногийн дотор шүү! Орон сууцны асуудал хамгийн өндөр эрэмбэтэй яваа гэж Ерөнхий сайдын тодотгосон нь бодитой гэдэг энэ. Нөгөөтэйгүүр, “Хуримтлалын сан”-гаар дамжуулж ипотекийн зээлийг санхүүжүүлсэн шиг боломж энэ Засгийн газарт хангалттай бийг Ерөнхий сайд нь өөрөө хороо ахлах болсноор бүрэн харагдаж, бас ойлгогдож байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн барихаас батлуулах хүртэл парламентын танхимд цээжээрээ хамгаалж суусан тэрбээр “Хуримтлалын сан”-г хэрхэн хүртээмжтэй байлгах талаар хамгийн сайн мэдэх хүний нэг.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд явдаг “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой”, Оюу Толгой гэсэн стратегийн гурван ордын 34 хувьд ногдох ногдол ашгийн хэмжээ 500 тэрбумаар хэмжигдсэн нь ипотекийн зээлийг эрчимжүүлэх гол хөшүүрэг болсон ч энэ тоо жил ирэх тусам үржигдэж, хуримтлагдах учиртай. Үр дүнд нь Монгол Улс иргэн рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээг үржүүлэхийн хүрдээр арвижуулна. Эргээд дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоог бүрдүүлнэ. Харин түүнийх нь эхлэл, хөрс суурь нь Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний орон сууцжуулалтын хороо байх бололтой.
Засгийн газраас өнгөрсөн хугацаанд аялал жуулчлал болон боомтын сэргэлтийн асуудалд томоохон реформ хийснээр эдийн засаг сүүлийн гурван жилд гурав дахин тэлсэн. Гагцхүү энэ өсөлтийг хүртээмжтэй болгох, Үндэсний орон сууцжуулалтыг нэг биш салбар дамнасан цогц асуудал гэж үзэхээр болсноо Ерөнхий сайд зарласан нь мэдээж сайн мэдээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоолоор албаждаг ч хэрэгжүүлэлтийн шатандаа замхарч ирсэн 40, 100, 150 мянга тэргүүтэй орон сууцжуулах хөтөлбөрүүдийн алдааг энэ удаад давтахгүй нь. Орон сууцжуулах хөтөлбөрийг хэн нэгэнд, салбарын яам, сайдад даалгаад орхих бус Ерөнхий сайд нь өөрөө ахалж ажиллах учраас тэр! Үндсэндээ
Г.Эрхэс