С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Жавхлан: Төсвийн урсгал зардал нь хөрөнгө оруулалтаас шууд хамаардаг
Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2025 оны төсвийн төслийг 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулсан харьцуулалтын талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням дэлгэрэнгүй танилцуулсан юм. Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурыг хангасан гэж дүгнэжээ.
Хуралдаанд оролцож буй гишүүд Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагч, Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, хариулт авсан. Төсвийн төсөл дэх урсгал зардал нэмэгдсэн шалтгааны талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ч.Лодойсамбуу, Р.Батболд нар тодруулж, Сангийн сайд хариулахдаа төсвийн урсгал зардал нь хөрөнгө оруулалтаас шууд хамаардаг гэдгийг дурдаад “Аль болох урсгал зардлыг бууруулах, хүний оролцоог багасгах, цахимжуулах, ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгох чиглэлээр төсвийн шинэчлэлүүдийг сүүлийн жилүүдэд хийж байгаа. 2025 оны төсвийн зардлын нэмэгдэл нь 5.3 их наяд төгрөг байгаа. Үүний 1.7 их наяд төгрөг нь хөрөнгийн зардал бол 3.5 их наяд төгрөгийн 70 хувь нь хүн амын статистик өсөлт, тариф, инфляцын өсөлттэй холбоотой. Үлдсэн 30 хувь нь хууль тогтоомжийн өөрчлөлтөөс үүдсэн, хэрэгжилтийг хангах хүрээний зардал. 14 орчим хувийн зардлын өсөлт нь “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян” зэрэг үндэсний хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах урсгал зардал” гэв. Төсвийн бодлогын үр дүнд бизнесийн орчин сайжирч, иргэдийн орлого бодитоор нэмэгдэж байх шаардлагын талаар Ч.Лодойсамбуу гишүүн байр сууриа илэрхийлсэн юм.