Б.Чойжилсүрэн: Надтай холбогдсоноор энэ залуус хамгийн том хэлмэгдлийн эзэд боллоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу Тост, Тосон бумбын нуруунд олборлолт хийж байсан “Сауди Гоби Транс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан билээ. Улмаар Засгийн газрын ээлжит хуралдаанаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн баталсан юм.


Тогтоолоор Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулан 153482,37 га газар өргөтгөн нийт 896540,37 га газрын байгалийн нөөцийн ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар болж байна. Энэхүү шийдвэртэй холбогдуулан Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны 91 дүгээр “Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай” тогтоолыг хүчингүй болгосон юм. Өдгөө улсын тусгай хамгаалалтад авсан газрын хилийн заагийг тогтоож буй газартай хэсэгчилсэн болон бүрэн давхцалтай ашигт малтмалын хайгуулын долоон тусгай зөвшөөрөл байна.

Үүнээс гадна Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав тэргүүтэй албаныхан тусгай зөвшөөрлийг нь цуцалсан “Саус гоби коэл транс” компанийн уурхайд очиж техник тоног төхөөрөмжийг нь битүүмжилж, хамгаалалтад аваад байгаа юм. Тэгвэл уг уурхайн автор болсон УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн холбогдох тайлбарыг Зариг.мн сайтад өгчээ.

Тэрбээр “Би юу ч нуугаагүй. 2010 оны төгсгөлд энэ лицензийг худалдаж авч байсан нь үнэн. 2016 онд шилжүүлж зарсан нь ч бас үнэн. Надаас авсан залуучууд ашиглах гэж байгаад ийм байдал орчихлоо. Эхний ээлжид лиценз цуцалсан тэр шийдвэрүүдийг нь бичгээр олж авна гэж бодож байна. Надаас худалдаж авсан залуучуудтай уулзана. Худал юмыг хэд давтахаар үнэн болдог гэдэг дээ. Надтай холбогдсоноороо энэ залуучууд улс төрөөс шалтгаалж бизнесээрээ хохирсон хамгийн том хэлмэгдлийн эзэд боллоо.

Миний нэр оролцсон учраас энэ уурхай эрсдэлд орлоо. Миний оронд өөр бизнесмен ч юм уу өөр хүн, эсвэл гадаадын компани олборлолт явуулж байсан бол ийм байдалд орохгүй байлаа. Асуудал нь надад л байгаа юм. Улстөржүүлсэн явдал болж байна. Энэ компани надаас шилжих үедээ ойролцоогоор 57 орчим тэрбум төгрөгийн зардал гаргачихсан байсан. Надаас аваад 70-аад тэрбум нийт 130 тэрбум төгрөгийн зардал гаргачихсан байсан. Би ардчилсан нийгэмд амьдарч байна гэж бодож байсан. Гэтэл үгүй байж. Одоо надаас авсан залуучууд цаашид хэрхэхээ өөрсдөө шийдэх байх. Би матрын нулимс унагахгүй” гэжээ.