Ж.Батзандан: Ц.Нямдоржийн хүү, Д.Мөнх-Эрдэнэ хоёр тэнгэр газар шиг ялгаатай

Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ “Улаан бал” нэвтрүүлэгт орж, ярилцлага өгөхдөө Миний тухай найруулгатай жүжгийг бол нэг нөхөр тавьсан байдаг юм. Энэ манай УИХ-ын гишүүн Ж.Батзандан. Ж.Батзандан бид хоёр бол найзууд. Хүнийг ханилж яваад, хүлгийг унан байж мэд гэж үнэн юм билээ. Бид хоёр арваад жил хүрээгүй, нөхөрлөж байгаа. Арваад жил нөхөрлөхдөө би харин нөхрийнхөө занг сайн мэдэж авлаа.

 

Өвөр Монголд зөндөө очсон. Экспогийн арга хэмжээ, албаны айлчлал, хувийн шугамаар, гэр бүлээрээ гээд. Надад анх очоод тэгдэг байсан байхгүй юу. За Д.Мөнх-Эрдэнээ миний найзаа, найзыг нь улс төрд дэмжчихээр хятад хүн байна уу, Өвөр Монгол хүн байна уу гээд… Би тэд нарын чинь бизнесийг Монголд дэмжиж өгье, Одоо би Ерөнхий сайдтай ийм болчихсон. Би засгаа авраад үлдчихсэн гээд. Тэгж ярьсан надад.

Тэгээд би Очир гээд, монголчууд мэднэ дээ, бүх очсон Монголчууд эдний Монгудай гээд ресторанд үйлчлүүлдэг юм. Би Очир ахтай танилцууллаа. Очирын найз Хо Зунтай танилцууллаа. Ингээд Батзандангаа баахан танилцуулаад явлаа. За тэгсэн, манай шударга найз маань ахыгаа Хөх хотын Ерөнхий консулаар томилуулдаг юм аа. Ж.Баатарчулуун гээд, эхнэр нь Оюунгэрэл” хэмээн ярьсан байдаг. Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийж байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “2013-2014 онд эрүүгийн хоёр хэрэгтэй нөхөр надыг УИХ-ын гишүүн байхад авраач гээд уйлаад ирсэн. Монголын төмөр замд хулхи бараа зарсан, найзыгаа зодсон нэрээр Эрүүгийн хэрэг үүсгэсэн байлаа. УИХ-ын гишүүн “бетон” Ганбат намайг явуулах гээд байна, аварч өгөөч гэж хэлж байсан. Тун удахгүй энэ хоёр хүнийг Ц.Элбэгдорж консулаар томилсон. Галбадрахыг Санфранцискогийн, Мөнх-Эрдэнийг Хөх хотын консулаар томилсон. АН-ынхан тун гайхаж, шүүмжлэлтэй хандаж байсан. Д.Мөнх-Эрдэнэтэй танилцсан түүх энэ. Дипломат албанд мэдлэггүй хүмүүсийг томилж, хар тамхины наймааг хийлгэх гэж явуулсан. Д.Мөнх-Эрдэнэ ямар ч боловсролгүй, архи уухаараа хүн зодно, эрүүлдээ хүн гүтгэнэ.

Хятадын компаниас хөрөнгө оруулалт татаарай, надыг дэмжээрэй гэсэн хэлсэн гэсэн. Би гаднын хөрөнгө оруулагчийг Монголдоо татаарай гэж би дипломатуудаас гуйдаг.  Д.Мөнх-Эрдэнэ шиг, н.Галбадрах шиг нөхөр төрд хэрэггүй, хөөж явуулсан нь зөв. Д.Мөнх-Эрдэнэ манай зөвлөх Амарсайхан руу ярьж, өөрт нь 20 сая, надад 100 сая төгрөг надад хятад хүнээр өгүүлэхээр гэж яриулсан. Би энэ гэмт хэргийг шалгуулахаар АТГ-т шилжүүлж байна.

Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Гадаад харилцааны яаманд 20 гаруй жил ажиллаж байгаа. Д.Мөнх-Эрдэнийн дэргэд тэнгэр газар шиг ялгаатай шүү. Д.Мөнх-Эрдэнэ, Б.Хурц, Ц.Элбэгдорж нар ургийн мод гэж тараагаад байна. Миний удамд Ерөнхий сайд хийж байсан хүн ч бий, Жигжиджав гэж. Миний ургийн мод өндрөөс эхэлнэ. Надад нягтлан бодогч эгч байхгүй. Баттуяа гэж Австралид сургууль төгссөн, өндөр боловсролтой эмэгтэй, жаахан ааштай байж магад, өндөр боловсролтой хүн ааштай байдаг.

"Монсан"-ын захирал хийж байсан Батсүрэн ах маань нас бараад олон жил болж байна. Нас барсан хүнээр битгий оролд. Баатарчулуун гэж хүн бол Эрээнд дэд консулаар ажиллаж байсан. Монголын жуулчин компанийг ажиллуулж, анхны жуулчдыг хүлээж авч байсан. Миний төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ насаараа зам тээврийн салбарт ажилласан хүн. Миний ах дүү нар 10 жилээ онц төгссөн, надыг нусгай бацаан байхад төрд зүтгэж байсан” гэлээ.