Х.Булгантуяа: БНХАУ-д хүнд цагт нь дэмжлэг үзүүлэхийг уриалж байна

Гадаад харилцаа болон БОАЖ-ын сайд нар хамтарсан мэдээлэл хийх үеэр Сангийн дэд сайд Х.Булгантуяа БНХАУ-тай холбоотой эдийн засгийн зарим асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.


Тэрбээр “Манай улсын хамгийн том түнш БНХАУ. Хамгийн хүнд цагт ч гэсэн бидэнтэй хамтран ажиллаж ирсэн. 2010 оноос хойш 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээ хийж шинэ дэд бүтэц, бүтээн байгуулалтыг хийсэн. Сүүлийн жилүүдэд тэрбум юанийн буцалтгүй тусламж олгосон. Үүнээс боловсролын салбар, ОБЕГ-ын техник тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэг нэн шаардлагатай зээл буцалтгүй тусламжийг өгч ирсэн. Тиймээс бидний зүгээс хүнд цаг үед хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэхийг уриалж байна. Бүс нутагт төдийгүй эдийн засагт хүндрэл бэрхшээл учирсантай холбогдуулан бүс нутгийн эдийн засгийн түвшин буурч байна. 

Манай улсын хувьд төвсийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан ч өнөөдрийн хувьд төвсийн тодотгол хийнэ гэхэд арай эрт байна. Шинэ коронавирус гарсантай холбоотойгоор бүс нутаг төдийгүй дэлхийн эдийн засаг нэлээд амаргүй байх төлөв байдалтай байна. Монгол Улсын хувьд өнгөрсөн оны нэг хоёрдугаар сартай харьцуулахад төсвийн орлого багассан тоон үзүүлэлттэй байгаа. Гэхдээ төсөвт тодотгол хийх хэмжээнд хүрээгүй байна. Төсвийн тухай хуульд тодотгол хийх нөхцөл байдлыг тусгасан байдаг. Тодруулбал, төсвийн орлого багасч, зарлага нэмэгдсэн бол төсвийн тодотгол хийдэг. Нэгдүгээр улирлын тоон үзүүлэлтүүд нэгтгэгдэж гараагүй байгаа учраас одоо хэлэхэд хэцүү байна.

 

 

Онцгой байдлын дөрвөн ангилал байдаг. Бид хоёр дахь дээр нь явж байна гэж ойлгож байгаа. Гэхдээ төсөвт тодотгол хийгээд, тэг зогсолт хийх хэмжээнд нөхцөл байдал хүндрээгүй байна. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дээр мэдээллүүдээ нэгтгээд эдийн засагтай холбоотой байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн. Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар банк санхүүгийн байгууллага, эдийн засаг, төсөв дээр учирч байгаа хүндрэлүүдийн талаар танилцуулна. Хятад улсын хувьд гоц халдварт өвчин гарсан цэг учраас хүндээр тусч байгаа. Хятад улсын Засгийн газар банкуудаараа дамжуулаад 50 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн. 11 сая хүн амтай том хот тэг зогсолт хийсэн байгаа. Тэнд эдийн засгийн ямар ч үйл ажиллагаа явагдахгүй байна гэсэн үг. Бусад хотуудад, ялангуяа эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа маск үйлдвэрлэгч, эрүүл мэндийн салбарынхандаа илүү хөнгөлөлттэй зээл олгож байх шиг байна. Харин манай улсын хувьд Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс төсвийн орлого яахаар байна, зарлага ямар байна, банк санхүүгийн байгууллага, иргэдийн зээл хүндэрч байна уу, үгүй юү, хэрвээ энэ нөхцөл байдал урт хугацаанд үргэлжилбэл яах вэ гэдэг талаар мэдээлэл өгөх үүргийг Сангийн яаманд өгсөн. Маргааш Засгийн газарт танилцуулна"гэлээ.